← Бүх нийтлэл

ХООЛНЫ ХОРДЛОГО ГАРВАЛ ХЭН БУРУУТАЙ ВЭ?

2026.09.26·Т.Бямбадарь(Эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн)
ХООЛНЫ ХОРДЛОГО ГАРВАЛ ХЭН БУРУУТАЙ ВЭ?

Учир нь хүнсний аюулгүй байдлыг зөвхөн эрүүл ахуйч, технологич, чанар хяналтын ажилтны ажил гэж ойлгодог.

Хоолны хордлого, хүнсний аюулгүй байдлын ноцтой зөрчил гарахад хамгийн түрүүнд: “Эрүүл ахуйч ажлаа хийгээгүй юм уу?” “Чанарын ажилтан юугаа хянаж байсан юм?” гэж асуух нь элбэг. Учир нь хүнсний аюулгүй байдлыг зөвхөн эрүүл ахуйч, технологич, чанар хяналтын ажилтны ажил гэж ойлгодог. Гэтэл үнэндээ хүнсний аюулгүй байдал нэг хүний ажил биш. Түүхий эд нийлүүлсэн нийлүүлэгчээс эхлээд → хүлээн авсан ажилтан → агуулах → бэлтгэл → үйлдвэрлэл → савлагаа → хадгалалт → тээвэрлэлт → хэрэглэгчид хүрэх хүртэлх бүх дамжлагад оролцож байгаа хүн бүрийн үүрэг, хариуцлага юм. Нэг ажилтан гараа зөв угаагаагүй байж болно. Нэг хүн температурыг шалгалгүй түүхий эд хүлээн авсан байж болно. Хөргүүрийн доголдлыг мэдсэн ч мэдээлээгүй байж болно. Удирдлага эрсдэлийн талаар мэдээлэл авсан ч арга хэмжээ аваагүй байж болно. Эдгээрийн аль нэгийг зөвхөн “чанарын ажилтан хянаагүй” гэж тайлбарлах нь асуудлын үндсэн шалтгааныг орхигдуулна. Чанар, хяналтын ажилтан бүх хүний өмнөөс хүнсний аюулгүй байдлыг хангах боломжгүй. Түүний үүрэг бол тогтолцоог хэрэгжүүлэх, хянах, сайжруулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх. Харин тогтолцоог ажиллуулах нь байгууллагын удирдлагаас эхлээд нийлүүлэгч, ажилтан бүрийн оролцоо, хариуцлага юм. Тиймээс асуудал гарсны дараа: “Хэн буруутай вэ?” гэж асуухаасаа өмнө “Манай тогтолцооны хаана хяналт алдагдав?” гэж асууж суръя. Хүнсний аюулгүй байдал бол нэг албан тушаалтны ажил биш. Байгууллагын хамтын хариуцлага, өдөр тутмын соёл юм. FOODSAFETY.MN Хяналтаас → тогтолцоо руу.

Хуваалцах:
Т
Зохиогч
Т.Бямбадарь
Эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн · Эрхэм Түнш Консалтинг ХХК