Хүнсний аюулгүй байдал зөвхөн дүрэм биш, байгууллагын соёл юм

Стандартыг журам бий болгодог. Харин соёлыг хүмүүс бүтээдэг.”
Хүнсний аюулгүй байдал зөвхөн дүрэм биш, байгууллагын соёл юм Сүүлийн үед сургалт, зөвлөх үйлчилгээ, хүнсний аюулгүй байдлын дижитал программ хөгжүүлэх ажлын хүрээнд олон байгууллагын удирдлага, ажилтнуудтай уулзаж, санал бодлыг нь сонсох боломж олдлоо. Энэ хугацаанд нэг чухал дүгнэлтэд хүрсэн юм. Байгууллага бүр дүрэм журам, стандарт, зааварчилгаа, хяналтын тогтолцоог бий болгохыг зорьдог. Гэвч эдгээр нь зөвхөн цаасан дээр үлдэх биш, өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжих эсэх нь хамгийн түрүүнд хүнээс шалтгаалдаг. Ажилтан өөрийгөө үнэлэгдэж, сонсогдож, багийнхаа нэг хэсэг гэдгээ мэдэрдэг байгууллагад хариуцлага, оролцоо, бүтээмж илүү өндөр байдаг. Харин эерэг уур амьсгалтай хамт олон алдаа гарсан үед буруутан хайхаас илүүтэй асуудлын шалтгааныг олж, хамтдаа шийдвэрлэхийг эрмэлздэг. Ийм соёл нь хүнсний аюулгүй байдлын тогтолцоог тогтвортой хэрэгжүүлэх чухал үндэс болдог. Хүний хоёр дахь гэр бол ажил, сургууль. Тиймээс байгууллагын амжилтыг зөвхөн ашиг орлого, дүрэм журам, хяналтын үзүүлэлтээр бус, ажилтнуудын хөгжил, харилцаа, итгэлцэл, хамтын ажиллагаа, эерэг хандлагаар нь мөн хэмжих хэрэгтэй. Иймээс байгууллагууд мэргэжлийн сургалт, зөвлөх үйлчилгээ авахын зэрэгцээ ажилтнуудынхаа хувь хүний хөгжил, харилцааны ур чадвар, багийн ажиллагаа, манлайлал, эерэг сэтгэлгээг хөгжүүлэх сургалтад тогтмол хөрөнгө оруулах нь ирээдүйн хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалтын нэг юм. Учир нь стандарт мөрддөг байгууллага сайн байж болно. Харин соёлтой байгууллага тогтвортой хөгжиж, ажилтнууд нь үнэ цэнийг бүтээдэг. Эцсийн дүндээ: * Сайн байгууллагыг сайн хүмүүс бүтээдэг. * Сайн хүмүүсийг эерэг байгууллагын соёл төлөвшүүлдэг. * Харин эерэг соёл нь хүнсний аюулгүй байдлын хамгийн бат бөх үндэс болдог. “Стандартыг журам бий болгодог. Харин соёлыг хүмүүс бүтээдэг.”
