"Хүнсний технологич–Эрүүл ахуйч" групп хэрхэн бий болсон бэ?

Миний зорилго бол сурсан мэдсэнээ бусадтай хуваалцаж, технологийн шийдлээр хүнсний аюулгүй байдлыг шинэ түвшинд хүргэхэд хувь нэмрээ оруулах юм.
Сайн байцгаана уу. Өнөөдөр "Хүнсний технологич–Эрүүл ахуйч" групп хэрхэн бий болсон, мөн яагаад хүнсний аюулгүй байдлын цахим систем хөгжүүлэх болсон тухайгаа та бүхэнтэйгээ хуваалцахыг хүсэж байна. Намайг Т.Бямбадарь гэдэг. Би Дархан-Уул аймгийн Дархан Технологийн Их Сургуулийг Хүнсний технологич–Эрүүл ахуйч мэргэжлээр 2012 онд төгссөн. Сургуулиа төгсөөд айл гэрийн эзэгтэй болж, хүүгээ харсан учраас эхний хоёр жил мэргэжлээрээ ажиллаж чадсангүй. 2014 оноос ажил хайж эхэлсэн ч тухайн үед "ажлын туршлага" гэдэг хамгийн том босго байлаа. Гэхдээ 2015 онд би өөртөө нэг л зорилго тавьсан. "Заавал мэргэжлээрээ ажиллана." Энэ зорилгынхоо төлөө "Хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн" нийгэмлэгээс зохион байгуулсан "Дотоод хяналтын ажилтан" бэлтгэх сургалтад хамрагдсан. Тэр сургалт надад зөвхөн мэдлэг биш, өөртөө итгэх итгэлийг өгсөн юм. Ингээд 2015 оны 3 дугаар сард "Хүнсний технологич–Эрүүл ахуйч" группээ байгуулсан. Анхны зорилго маань маш энгийн байсан. • Өөрт хэрэгтэй хууль, дүрэм, журам, стандартаа нэг дор цуглуулах; • Судалсан мэдлэгээ бусадтайгаа хуваалцах; • Мэргэжил нэгт хүмүүсээ холбох; • Хамтдаа суралцаж, хөгжих. Өнөөдөр энэхүү групп маань 9.1 мянган гишүүнтэй мэргэжлийн томоохон нэгдэл болжээ. Хамгийн их баярладаг зүйл маань манай гишүүд мэдэхгүй зүйлээ асуухаас санаа зовдоггүй, харин ч бие биенээсээ туршлага судалж, хамтдаа хөгжиж байгаа явдал юм. Энэ групп зөвхөн мэдээлэл түгээдэг биш, харин мэргэжил нэгт хүмүүсийн бие биенээ дэмждэг орчин болсон гэж боддог. Миний ажлын гараа Олон Улсын Хүүхдийн Найрамдал Цогцолбор-оос эхэлсэн. Тэнд ажиллах хугацаандаа хүнсний эрүүл ахуй, хүүхдийн эрүүл ахуй, орчны эрүүл ахуй, хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр хяналт тавьж ажилласан. Өдөр бүр хийсэн ажлаа тайлагнаж, чөлөөт цаг бүрээ хууль, дүрэм, стандартаа судлахад зориулж, сурсан бүхнээ ажил дээрээ хэрэгжүүлэхийг хичээдэг байлаа. 2017 онд мэдлэгээ улам гүнзгийрүүлэхээр шийдэж, "Ач" Анагаах Ухааны Их Сургуульд Нийгмийн эрүүл мэнд судлаач мэргэжлээр магистрт элсэн суралцсан. Хичээлээ таслахгүй гэсэн амлалтаа биелүүлэхийн зэрэгцээ хоёр жилийн хугацаанд гэрээт эрүүл ахуйч, хүнсний эрүүл ахуйн цагийн багшаар ажилласан. Мөн энэ хугацаанд МИХҮТ-ийн Мэргэшсэн дотоод хяналтын ажилтан, Обзерв Консалтинг ХХК-ийн Мэргэшсэн чанарын менежер бэлтгэх сургалтад хамрагдан өөрийгөө тасралтгүй хөгжүүлсэн. Ажлын туршлагаа Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хатансүйх ХХК, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон хувийн хэвшлийн байгууллагуудад хуримтлуулсан. Одоогоор декретийн амралттай байгаа ч "Эрхэм Түнш Консалтинг" ХХК-д эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж, ISO 22000 стандартын хэрэгжүүлэлт, зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажиллан, өөрийгөө хөгжүүлсээр байна. Эдгээр байгууллагуудад ажиллах хугацаандаа нэг ижил асуудал бараг хаа сайгүй давтагдаж байгааг анзаарсан. Хүнсний аюулгүй байдлын бүртгэлүүд цаасан дээр хөтлөгдөнө. Хяналтын хуудас нэг газар, журам өөр газар, тайлан өөр файлд хадгалагдана. Илэрсэн зөрчлийн хэрэгжилтийг эргэн хянахад хүндрэлтэй. Тайлан гаргахдаа олон цаг зарцуулна. Зарим байгууллагад бүртгэл нь бүрэн байдаг ч бодит хяналт нь орхигдсон байдаг. Нөгөө талаар жижиг, дунд байгууллагуудад мэргэжлийн хүн тогтмол ажиллуулах боломж тэр бүр байдаггүй. Гэтэл хууль, стандартын шаардлага бол хүн бүрт ижил үйлчилдэг. Тэр үед надад нэг бодол төрсөн. "Яагаад энэ бүх ажлыг илүү хялбар, илүү ухаалаг, илүү хүртээмжтэй болгож болохгүй гэж?" Ингээд олон жилийн туршлага, өдөр бүр тулгарч байсан бодит асуудлууд дээрээ үндэслэн хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, дотоод хяналтын үйл ажиллагааг бүрэн цахимжуулах систем хөгжүүлэхээр шийдсэн. Өнөөдөр бидний хөгжүүлж буй системд өдөр тутмын бүртгэл, GHP, GMP, HACCP-ийн хяналт, дотоод хяналт, баримт бичгийн сан, тайлан, эрсдэлийн үнэлгээ, залруулах арга хэмжээ, сануулга, удирдлагын хяналт зэрэг байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай бүх процессыг нэг дор төвлөрүүлэхээр ажиллаж байна. Энэ программ бол миний хувьд зүгээр нэг бизнесийн төсөл биш. Энэ бол олон жилийн турш сурсан мэдлэг, ажиллаж хуримтлуулсан туршлага, салбарын бодит асуудлыг шийдэх гэсэн хүсэл мөрөөдлийн үргэлжлэл юм. 2015 онд өөрт хэрэгтэй мэдээллээ цуглуулах гэж байгуулсан жижигхэн групп өнөөдөр 9.1 мянган мэргэжилтнийг нэгтгэсэн хамтын нийгэмлэг болсон шиг энэ систем ч мөн хүнсний салбарын байгууллагуудын өдөр тутмын ажлыг хөнгөвчилж, хүнсний аюулгүй байдлын соёлыг шинэ түвшинд гаргахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Миний хамгийн том зорилго бол: • Сурсан мэдсэнээ бусадтайгаа харамгүй хуваалцах; • Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад бодит хувь нэмэр оруулах; • Мэргэжлийн ажлыг технологийн шийдлээр илүү хялбар болгох; • Шинээр төгссөн залуу мэргэжилтнүүдэд урам зориг өгөх; • Хүүхдээ хараад мэргэжлээсээ холдсон ээжүүдэд мөрөөдөлдөө дахин хүрч болдгийг өөрийн түүхээрээ харуулах. Би амьдралаасаа нэг үнэнийг ойлгосон. Зорилгодоо үнэнч байж, суралцахаа хэзээ ч зогсоохгүй бол боломж өөрөө бий болдог. Нэг хаалга хаагдсан ч дараагийн хаалга үргэлж нээгддэг. Харин тэр хаалгыг нээх түлхүүр нь өөртөө итгэх итгэл, тууштай хөдөлмөр, тасралтгүй суралцах хүсэл юм. Хэрэв миний энэ түүх хэн нэгэнд дахин эхлэх урам, мэргэжлээрээ ажиллах итгэл, эсвэл мөрөөдлөө бодит болгох зориг өгч чадвал энэ олон жилийн хөдөлмөрийн хамгийн том шагнал тэр байх болно. Баярлалаа.
